Бизнес эрхлэх шийдвэр гаргах үйл явц оролцоо
Бизнес эрхлэх шийдвэр гаргах үйл явц оролцоо
Шийдвэр гаргалт: Менежментийн үндсэн хэсэг нь шийдвэр гаргалт гэж ойлгож болох бөгөөд үүнийг шийдвэр гаргалт, шийдвэрийг хэрэгжүүлэх гэсэн бүлэгт хуваан үзэж болно. Удирдагч хүн өөрийн туршлага, мэдлэг чадварын үүднээс шийдвэр гаргалтанд хандахаас гадна шинжлэх ухааны үүднээс хандан шийдвэр гаргах хандлага нэмэгдэж байна. Ерөнхийдөө асуудлыг шийдвэрлэх олон хувилбар дундаас аль оновчтойг нь сонгон авах үйл ажиллагааг шийдвэр гаргалт гэнэ.
Шийдвэрийн ангилал: Удирдлагын шийдвэрүүдийг түвшин болон асуудлуудын бүтэцлэгдсэн байдлаар нь дараах хэлбэрээр хуваан авч үздэг. Удирдлагын шийдвэр гаргалтын түвшингээр нь 3 үндсэн хэсэгт хуваан авч үздэг. Үүнд:
- Стратегийн: Байгууллагын үйл ажиллагааг орчинтой нь хэрхэн зохицуулах талаарх зүйлийг агуулж байдаг.
- Тактикийн: Байгууллагын зорилгод хүрэхийн тулд байгууллагын нөөц буюу эх үүсвэрийг хэрхэн удирдан зарцуулах талаарх шийдвэрүүдийг агуулж байдаг.
- Үйл ажиллагааны: Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг гардан явуулж шаардлагатай нөөцийг хувиарлах болон тэрхүү үйл ажиллагааны явцад хяналт тавих шийдвэрүүд байдаг. Харин шийдвэрүүдийг тухайн асуудлын бүтэцлэгдсэн байдлаар нь дараах байдлаар 3 хуваадаг.
1. Бүрэн бүтэцлэгдсэн: Энэ төрлийн асуудлыг шийдвэрлэх үйл явц нь тодорхой байх бөгөөд бүх зүйл нь стандартчлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл асуудлыг байгууллагын дүрэм журам буюу бодлогын хүрээнд шийдвэрлэх боломжтой байдаг.
2. Хагас бүтэцлэгдсэн: Ийм төрлийн асуудал нь бүтэцлэгдсэн, бүтэцлэгдээгүй 2-ын хооронд байх бөгөөд шийдвэр гаргах процесс болон дүн шинжилгээний аргыг хэрэглэснээр хамгийн сайн шийдвэрийг олж болдог.
3. Бүтэцлэгдээгүй: Энэхүү төрлийн асуудалд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, зах зээлд нэвтрүүлэх, удирдагч буюу менежерийг сонгох зэрэг асуудлууд орно. Ийм төрлийн асуудлыг удирдагч өөрийн зөн совин, туршлагад үндэслэн шийдвэрлэдэг.
Шийдвэр гаргах үе шат: Удирдлагын шийдвэр гаргах үйл явцыг дараах 5 үе шатуудад хуваадаг. Үүнд:
1. Асуудлыг тодорхойлох: Асуудлыг тодорхойлох гэдэг нь уг асуудал бий болсон шалтгааныг тодорхойлоход орших бөгөөд ингэснээр асуудалд нөлөөлсөн хүчин зүйлсийг тогтооно.
2. Асуудлыг шийдэх хувилбаруудыг боловсруулах:Асуудал шийдвэрлэх гэж буй этгээд нь асуудлыг тодорхойлох алхмын үр дүнд шинжилгээ хийх төдийгүй өөрийн туршлага болон чадвар дээр үндэслэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар таамаглал дэвшүүлэх хувилбаруудыг боловсруулахыг хэлнэ.
3. Хувилбаруудыг үнэлэх: Үнэлгээ хийхийн тулд тооны болон чанарын гэсэн 2 хэмжээсийг хэрэглэдэг. Ашиг, орлого, хөрөнгө оруулалт гэх мэт тоон хэмжээсээр илэрхийлэгдэх асуудлуудыг ойлгож тайлбарлахад хялбар байдаг бол олон улсын үйл явдал, орчны байдал гэх мэт тоон хэмжээсээр илэрхийлж болохгүй асуудлууд олон байдаг. Ийм нөхцөлд чанарын хэмжээсийг ашиглах бөгөөд чанарын хэмжээс нь тухайн байгууллагын стратеги, бодлоготой хэр нийцэж байгаатай холбоотой.
4. Хувилбаруудаас сонголт хийх: Сонголт хийх үйл ажиллагаа нь хувилбар бүрийн давуу болон сул талыг харьцуулан аль оновчтойг нь сонгохыг хэлнэ.
5. Сонгосон хувилбараа хэрэгжүүлж, үр дүнг тооцох: Өмнөх шатуудад хичнээн зөв оновчтой шийдвэр гаргасан ч түүний хэрэгжилт нь хангалтгүй байвал үр дүнд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд шийдвэрийг хэрэгжүүлэхэд шийдвэрийн хэрэгжилтэнд хэрхэн хяналт тавихаа тодорхойлсон байх, хэрэгжилтийг шагнал урамшууллын төлөвлөгөөтэй яаж уялдуулах гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлтээ тогтоосон байх шаардлагатай.
Эрсдэл хүлээх чадвар: Бизнес эрхлэнэ гэдэг нь яван явсаар эрсдэл дундаас ашиг олох үйл ажиллагаа байдаг. Бизнесээ хэдий сайн төлөвлөсөн байлаа ч гэсэн хэрэгжүүлэх явцад төлөвлөгдөөгүй саад бэрхшээл, төлөвлөгдөөгүй зардлууд гарч ирж асуудал үүсгэх нь бий. Иймд бизнесээ эрсдлээс хамгаалах асуудлыг тусад нь боловсруулж, урьдчилан төлөвлөх нь бизнес амжилттай явагдах чухал үндэс болно. Эрсдлийг тооцохгүйгээр бизнест орж ашиг орлого олох бүү хэл өр төлбөртэй гарах тохиолдлууд тун элбэг байдаг. Эрсдэлийг бууруулах ямар арга зам байдаг вэ гэсэн асуултууд гарна. Үүнд дараахь хариултууд байна.
1. Эрсдлийг боломжит хувилбаруудаар гаргаж ирэх буюу урьдчилсан таамаглал дэвшүүлэх
2. Хувилбар тус бүр дээр эрсдэлд орсон тохиолдолд ямар арга хэмжээ авахыг төлөвлөх
3. Боломжит эрсдлээс хамгаалахын тулд даатгалд хамрагдах. Эрсдлийг боломжит хувилбаруудаар гаргаж ирэхийн тулд бизнесийнхээ сул тал, хохирол, учруулж болзошгүй хүчин зүйлүүдийг жагсаан бичих шаардлагатай.
Жишээ нь:
· Тоног төхөөрөмж гэмтэх
· Санхүүгийн бэрхшээлд орох
· Түүхий эд материал тасалдах
· Мэргэжлийн боловсон хүчний хангалт тасалдах гэх мэт хувилбаруудыг гаргасны дараагаар эдгээр тохиолдолд ямар арга хэмжээ авахыг төлөвлөх шаардлагатай.
Эрсдлийг тодорхойлох, хүлээх чадвар
Эрсдлийн төрлүүд | Авах арга хэмжээ |
Тоног төхөөрөмж гэмтэх | Тоног төхөөрөмжөө даатгалд даатгуулах амархан эвдэрч болзошгүй сэлбэг хэрэгслүүдийг нөөцөлж авах ээлжийн засвар үйлчилгээг тогтмол хийж мөрдөх хэвийн ажиллагааг байнга шалгах |
Санхүүгийн бэрхшээлд орох | Эрсдлийн санг байгуулж ашгийн тодорхой хувийг уг санд төвлөрүүлж байх санхүүгийн бэрхшээлд орсон тохиолдолд уг сангаас хөрөнгө татах |
Түүхий эд материал тасалдах | Түүхий эд материалын захиалгыг хүчин чадлаасаа тодорхой хувиар илүү захиалан нөөцийн хэмжээг тогтмол хангаж ажиллах |
Мэргэжлийн боловсон хүчний хангалт тасалдах | Мэргэжлийн боловсон хүчнийг дагалдуулан дадлагажигч ажиллуулах мэргэжлийн ажилтан ажиллах боломжгүй тохиолдолд дадлагажигчыг ажиллуулах |
Бичсэн: Ц.Уянга нийгэм газар зүйн багш | цаг: 15:08 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих